Нийгмийн ухааны салбар

Нийгмийн ухааны салбар нь 2014 оноос НТС-ийн Улс төр судлал, олон нийттэй харилцах ажил профессорын баг, Нийгмийн ажлын профессорын баг, КТМС-ийн Менежментийн профессорын багийн төрийн захиргааны менежментийн мэргэжил гурав  нэгдэн байгуулагдсан юм. Тус салбарт улс төр судлал, сэтгэл зүй, социологи, эрх зүй зэрэг нийгмийн шинжлэх ухааны суурь болон хавсрага судалгаа, мөн нийгмийн хамгаалал, төрийн удирдлага, олон нийтийн харилцааны сургалт, судалгааны чиглэлээр үндэсний хэмжээний тэргүүлэгч салбар, хүчтэй өрсөлдөгчийн нэг болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
 
Тус салбар нь мэргэжлийн гурван хөтөлбөрөөр нийт 292 оюутан, 22 багш, 1 туслах, 1 сургалтын мастертай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багшлах бүрэлдэхүүний 57,6% нь эрдмийн зэрэг цолтой, үүнээс академич, шинжлэх ухааны доктор 1, дэд профессор цолтой 4, боловсролын доктор (Ph.D) 15 багш нар ажиллаж байна. Түүнчлэн багш нарын 40 орчим хувь нь Солонгос, Орос, Болгар, Япон, Хятад зэрэг улс орнуудад суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан.
 
Нийгмийн Ухааны салбарын дэргэд Нийгмийн ажил хөтөлбөрийн “Каритас мэдээллийн төв” ажилладаг бөгөөд бүх их дээд сургуулиудын Нийгмийн ажлын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад зориулсан нээлттэй номын сантай. Мөн салбарын сэтгэл судлалын багш нарт түшиглэн “Сэтгэл судлалын төв”-ийг 2015 онд байгуулан, сэтгэл зүйн оношилгоо, сургалт судалгааны лаборатори ажиллаж байна. 
 
Гадаад хамтын ажиллагаа:
 
Нийгмийн ухааны салбар нь мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалт, судалгааны хүрээнд гадаадын олон сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Онцлон дурдвал:
 

  • АНУ-ын Нью-Йорк мужийн Aлбанийн улсын их сургуулийн Нийгмийн халамжийн сургууль
  • БНСУ-ын Сүнгшил Их Сургуулийн Нийгмийн халамжийн сургууль
  • БНСУ-ын Сүкмёны эмэгтэйчүүдийн сургууль
  • БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль 
  • БНСУ-ын Soonchunhyang Их сургууль
  • БНСУ-ын Pyeongtaek Их сургууль
  • БНСУ-ын Чусон Их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.

Дээрх хамтын ажиллагааны гэрээний дагуу Нийгмийн ухааны салбарын мэргэжлийн хөтөлбөрүүдэд суралцдаг бакалаврын оюутнууд мэргэжлийн дадлага хичээлийг БНСУ-ын Чусон их сургууль, Сонгдо групптэй хамтран явуулдаг бөгөөд өдгөө 3 дахь жилдээ 50 гаруй оюутан хамрагдаад байна.

MENU