Технологийн менежментийн салбар

Технологийн менежментийн салбар нь технологи, инновацийн менежмент, аж үйлдвэр, үйлчилгээ, ЖДҮ, салбарын менежмент, бизнес эрхлэлтийн судалгаа, сургалтаар үндэсний хэмжээнд тэргүүлэгч мэргэжлийн салбар болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Тус салбар нь  нийт 300 орчим оюутантай ба 28 багш, 1 туслах ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Нийт багш нарын 32.1% нь эрдмийн зэрэг цолтой, үүнээс шинжлэх ухааны доктор (Sc.D) 1,  боловсролын доктор (Ph.D) 8, дэд профессор цолтой 3 багш ажиллаж байна. Түүнчлэн багш нарын 30 гаруй хувь нь Орос, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улс орнуудад суралцаж төгссөн, эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Салбарын профессор багш нар төрийн болон бизнесийн байгууллагуудын захиалгат судалгаа, шинжилгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэн хэрэгжүүлж байна. Сүүлийн жилд багш нарын оролцож гүйцэтгэсэн төсөл, гэрээт ажлуудаас дурдвал БСШУСЯ-ны захиалгат “Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын бодлого, хуулийн төсөл боловсруулах нь” гэрээт ажил, “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөр боловсруулах гэрээт ажил, Нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгат “Нийслэлийн ахуйн үйлчилгээний салбарын өнөөгийн байдлын судалгаа, "Хүн амын ахуйн үйлчилгээ - 2020" хөтөлбөр боловсруулах нь” гэрээт ажил, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын захиалгат “Нийслэлийн инновацийн орчны өнөөгийн нөхцөл байдлын судалгаа хийх "Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөр - 2021" хөтөлбөрийн төсөл боловсруулах нь”  гэрээт ажил зэргийг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.

Салбарын дэргэд “Жижиг дунд үйлдвэрлэлийн Судалгаа, сургалтын төв”, оюутны “Алтангадас клуб”, “Залуу аялагч клуб”-ууд идэвхитэй үйл ажиллагаа явуулан багш,  оюутнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэн, тэдний эрдэм судлалын ажлыг дэмжин ажиллаж байна.
 
БЭЛТГЭН ТӨГСГӨДӨГ МЭРГЭЖЛҮҮД
Бакалавр, магистрын түвшинд

  • Харилцаа холбооны менежмент (Бизнесийн удирдлагын бакалавр, магистр)

  • Хөнгөн үйлдвэрийн менежмент (Бизнесийн удирдлагын бакалавр, магистр)

  • Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент (Бизнесийн удирдлагын бакалавр, магистр)

  • Аялал жуулчлалын менежмент (Бизнесийн удирдлагын бакалавр, магистр)



MENU