ШУТИС, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбараас “Хөрөнгө оруулалтын менежмент” хичээлийн хүрээнд жил бүр тогтмол зохион байгуулдаг “Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид-2018” шилжин явах цомын тэмцээн 2018 оны 12-р сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь нийт оюутнуудад мэргэжлийн мөн чанар, ач холбогдлыг таниулж, мэргэжлийн хичээлийн хүрээнд үзсэн онолын мэдлэгээ бататган, бодит кейс дээр судалгаа шинжилгээ хийх чадварыг нэмэгдүүлэх, гүнзгийрүүлэн судлах нөхцлийг бүрдүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мөн үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа болон зохицуулах, хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагуудад тус сургуулийн санхүүгийн менежмент мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудын чанар чансааг таниулах, үнэлүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын доктор профессор, Б.Энхтуяа, ШУТИС-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга, доктор Д. Барсболд, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны газрын ахлах референт Х. Билгүүн, Нэрэн Клиринг компаний зөвлөх Т. Гандулам, ШУТИС, БУХС-ийн ахлах багш Ц. Баярцог, ШУТИС, БУХС-ийн багш Д. Баярмаа нар ажиллалаа.
Зураг 1. Шүүгдчийн бүрэлдэхүүн
Ивээн тэтгэгч байгууллагуудаар Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, UNITEL групп, Би Ди СеК ҮЦК, Enfinite English нар хамтран ажиллаж 5 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл, сургалтын болон дадлага хийх эрхийн бичиг, бусад зүйлээр тэмцээнд оролцогч бүх оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ.
Зураг 2. Ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын сангаас
Тэмцээнд нийт 70 орчим оюутан оролцсоноос багийн дүнгээр Тэргүүн байранд “Future value” баг, Дэд байранд “Snitch” баг, Гутгаар байранд “Positive Investors” баг, хувийн дүнгээр буюу шилдэг илтгэгчээр Б. Баасанхүү, Ц. Энхтуяа, шилдэг оролцогчдоор Б. Баяржаргал, Ж. Цэвэлмаа, Н. Номинтөгөлдөр тус тус шалгарлаа.
Зураг 3. Тэмцээний үйл ажиллагаа
Хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлж, тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
2018.12.08