Солонгос-Монгол хамтарсан цахим симпозиум амжилттай боллоо
ganbii
 
ШУТИС-ийн БуХС, МехТС болон БНСУ-ын Конжугийн Үндэсний Их Сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын менежментийн өнөөгийн байдал ба цаашдын төлөвлөгөө”  сэдвийн хүрээнд 2 дахь удаагийн цахим семинарыг 2021 оны 2 сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уг семинарыг нээж МУ-ын Соёлын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,  БНСУ-ын Үндэсний Бүёо Музейн захирал Юүнь Хён Вонь нар үг хэлэв. Семинарыг БНСУ-ын Конжугийн Үндэсний Их Сургуулийн профессор Жу Нам Чол удирдан явууллаа.
 

Уг семинар нь БНСУ-ын дэмжлэгтэйгээр ШУТИС-д Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтэн бэлтгэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд БНСУ-д Соёлын өвийн сургалт, судалгаа хэрхэн явагдаж буй байдал, судалгааны ололт амжилтууд, олон улсын хамтын ажиллагааны чиглэл, бодлого, МУ-д баримтлагдаж буй Соёлын өвийн хадгалалт хамгаалалт хууль эрх зүйн үндэс, судалгааны түвшин, одоогийн нөхцөл зэрэг өргөн хүрээг хамарч зохион байгуулагдлаа. Уг симпозиумд дараах илтгэлүүд тавигдаж, нээлттэй асуултууд асууж сонирхолтой байдлаар үргэлжлэв.

  1. БНСУ-ын Соёлын Өвийг Хадгалалт Хамгаалалтын Шинжлэх Ухааны Нийгэмлэгийн ерөнхийлөгч Ви Гуан Чол “Солонгосын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны түүх, соёлын өвийг хадгалах хамгаалахын ач холбогдол”
  2. МУ-ын Соёлын Яамны Соёлын Өвийн Газрын дарга Б.Даваацэрэн “Соёлын өвийг хамгаалах эрх зүйн өнөөгийн байдал”
  3. БНСУ-ын Үндэсний Төв Музейн ажилтан Хуан Хёнь Сон “Музейн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг болон соёлын өвийн шинжлэх ухааны төвийг өргөжүүлэх арга зам”
  4. МУ-ын Үндэсний Соёлын Өвийн Төвийн захирал Г.Энхбат “Биет соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын өнөөгийн нөхцөл байдал”
  5. БНСУ-ын Үндэсний Соёлын Өвийн Судалгааны Хүрээлэнгийн И Жэ Сон “Үндэсний соёлын өвийн судалгааны хүрээлэнгийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг болон олон улсын хамтарсан хөтөлбөр”
  6.  ШУТИС-ийн МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, БуХС-ийн захирал А.Энхбат нар “ШУТИС-д соёлын өвийн сургалт, судалгаа явуулах боломж, өнөөгийн нөхцөл” сэдвээр тус тус хэлэлцүүллээ.

Уг семинарт Монголын талаас Соёлын Яамны Соёлын Өвийн газар, Соёлын Өвийн Үндэсний Төв, ШУТИС-ийн МехТС болон  БуХС-ийн багш судлаачид, Дорнод Их Сургууль, Чойжин ламын музей, Монгол цэргийн музей, Занабазарын музей, Ховд аймаг, Архангай аймаг, Баян-Өлгий аймаг, Баянхонгор аймаг, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймаг, сумдын музей, мөн  БНСУ-ын талаас Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын нийгэмлэг,  Конжугийн үндэсний их сургууль, Үндэсний төв музей, Үндэсний соёлын өвийн судалгааны хүрээлэн зэрэг хоёр орны 20 гаруй байгууллагаас 200 гаруй судлаач, мэргэжилтнүүд цахимаар холбогдон оролцлоо.

 

ШУТИС-ийн МехТС, БуХС-ийн төслийн баг