Манай сургууль нь бизнесийн удирдлага, менежмент, нийгмийн ажил, нийтийн удирдлага, хүмүүнлэгийн чиглэлээр 20 орчим мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт эрхлэн явуулдаг хагас зуун жилийн түүхэн замналтай сургалт, судалгааны байгууллага юм. Төгсөгчид нь эх орныхоо нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээ бүхий олон салбарт амжилттай, нэр хүндтэй ажиллаж байгаа нь манай эрдмийн хамт олны тасралтгүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн хэмээн үзэж болно.
Манай сургууль нь олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар / ACBSP / хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн, Азийн шилдэг 200 хөтөлбөрт 3 хөтөлбөр нь шалгарч, бизнес, менежментийн чиглэлийн Дэлхийн шилдэг 1000 сургуульд 6 дахь удаагаа шалгарсан амжилтаараа бахархаж байна. Эдгээр мэргэжлээр суралчдад орчин үеийн өндөр боловсрол эзэмших, нийгэмд байр сууриа олж, амьдралынхаа зорилгыг хэрэгжүүлэхэд нь туслах, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх явдал нь сургуулийн эрдмийн хамт олны гол зорилго болж байна.