Мэндчилгээ
ganbii
ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн хамт олондоо, ахмад буурлууддаа оюутан залуус даа, үе үеийн төгсөгчид дөө Үндэсний менежментийн шавь сургууль бий болсны 60 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилж байна. Манай ахмад үе үндэс суурийг нь тавьсан Монголын менежментийн шавь сургууль эдүгээ Монголын нийт их дээд сургуулиудад түгэн дэлгэрч, улс эх орны эдийн засаг, менежментийн салбарт нэгэнт танигджээ. Монголын хамгийн том их сургууль болох ШУТИС гэдэг айлын нэгэн бүрэлдэхүүн болсон Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль нь түүхийн хувьд бүтэц, зохион байгуулалтын олон замыг туулан өнөөгийн хэлбэрийг олж, төлөвшсөн байна. Энэ бүх хугацаанд урам зоригтой, манлайлагч, бүтээлч хамт олныг бүрдүүлэн, удирдан зохион байгуулж, хамтран ажиллаж , хөдөлмөрлөж байсан үе үеийн профессор, эрдэмтэн багш, ажилтнуудаараа бид үргэлж бахархаж явдаг. Нэгэн жарныг хамтдаа үдэж байгаа манай хамт олон менежмент, бизнесийн удирдлага, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр нийт 20 орчим мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт эрхлэн явуулдаг сургалт, судалгааны томоохон байгууллага болон төлөвшжээ. Аж үйлдвэрийн IV хувьсгалын эринд өрсөлдөх чадвартай, хүмүүнлэг ардчилсан, шударга ёсыг дээдэлсэн боловсон хүчин бэлтгэх зорилт тавин сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэхээр хичээн ажиллаж байна. Профессор, эрдэмтэн багш нар маань ой угтсан ажлын хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний өндөр амжилт гарган олон тооны ном бүтээл, сурах бичиг, өгүүлэл, гарын авлага туурвиж, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон бол оюутан залуус маань урлаг, спортын хийгээд мэргэжлийн олон уралдаан, тэмцээн, олимпиадуудад тэргүүн байруудыг эзэлж байна. Энэ бүх амжилт бол нийт хамт олны маань нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Үндэсний менежментийн шавь сургууль, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн ахмадууд, профессор, эрдэмтэн багш нар, ажилтнууд, оюутан залуус, төгсөгчид, дэмжигчид та бүхэнд 60 жилийн их ойн баярын мэндийг хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн захирал А.Энхбат
2019 оны 09 сарын 27 өдөр