Дархан-Уул аймгийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
gaamaa

БуХС-ийн захирал А.Энхбат, ХУС-ын ахлах багш Х.Мөнхбаяр, жолооч Ж.Жаргалсайхан нар 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн музей болон Соёл, урлагийн газарт томилолтоор ажиллав.

            Дархан-Уул аймгийн музейн захирал Д.Жамбалдорж,  ШУТИС-ийн БуХС-ийн захирал А.Энхбат нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

     

Санамж бичгийн хүрээнд 2024 оны 4 дүгээр сард эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах талаар Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ нартай санал солилцож, уг хурлыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн Эрдмийн танхимд зохион байгуулах, судлаач багш нараа оролцуулахаар тогтов.

 

Түүнчлэн, Дархан-Уул аймгийн соёл, урлагийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухайд хамтран ажиллах талаар Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг нар санал хүсэлт илэрхийллээ.

 

Мянга гаруй үзмэрийн сан бүхий түүх, угсаатан, байгаль, найрамдал гэсэн 4 танхимтайгаар нийтэд үйлчилж байгаа тус музей анх 1971 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр В.И.Лениний мэндэлсэний 100 жилийн ойгоор ихэвчлэн фото зургаас бүрдсэн 500 үзмэртэй "Найрамдал" музей нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар нь МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Дарамын Төмөр-Очир ажиллаж байжээ. 1990 оноос "Дархан хотын музей", 1994 оноос "Дархан-Уул аймгийн музей" нэртэй болж өргөжсөн бөгөөд одоо шинэ байранд орохоор бэлтгэж байгаа ажээ.