ШУТИС-ийн БуХС-ийн оюутнууд “Мэдлэгийн менежмент”-ийн улсын VIII олимпиадад амжилттай оролцлоо
gaamaa

ШУТИС-ийн БуХС нь Бизнесийн удирдлагын хөтөлбөртөө “Бизнес симуляци” дадлага хичээлийн хүрээнд Финляндын Cesim компаний хөгжүүлсэн бизнес симуляцийн платформыг 2022-2023 оны намрын улирлаас эхлэн амжилттай нэвтрүүлээд явж байна.

Симуляци нь оюутнуудад сургалтаар олж авсан академик мэдлэгээ бататгах, хичээл хоорондын уялдаа холбоог ойлгох, онол практик хоёрыг холбох, сурсан мэдлэг чадвараа өөр нөхцөлд ашиглах, шинэ мэдлэг бүтээх боломжийг олгодог; шүүмжлэлт сэтгэлгээ, логик сэтгэлгээ, асуудлыг цогцоор шийдвэрлэх, шийдвэр гаргах, багаар ажиллах, аналитик ур чадваруудыг хөгжүүлдэг; туршлагаар, хийх замаар суралцдаг бизнесийн бодит жишээ, өгөгдөлд суурилсан сургалтын хийсвэр орчин буюу сургалтын идэвхтэй арга барилаар суралцах орчин үеийн дэвшилтэт арга хэрэгсэл юм.

Сesim-Global Challenge бизнес симуляци нь бизнесийн үйл ажиллагаа, түүний янз бүрийн чиг үүргийн харилцан уялдаа холбоог ойлгох боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл байгууллагын стратегийг маркетинг, үйлдвэрлэл үйл ажиллагаа, хүний нөөц, санхүү, гадаад худалдаа зэрэг олон чиг үүргийн хүрээнд нэгтгэн хооронд нь уялдаатай боловсруулах ба бизнесийг цаг хугацааны хувьд тогтвортой удирдан ирээдүйн хэд хэдэн жилийн шийдвэрийг гаргадаг. Ингэснээр оюутнуудад бизнес удирдагчдад бодит орчинд тулгардаг асуудлуудыг мэдрэх, орчны нөхцөлд дүн шинжилгээ хийн, багаар ажиллан шийдвэр гаргах, сорилтуудыг даван туулах туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Энэхүү симуляцийн нэг онцлог шинж нь оюутнууд цөөн тооны багт хуваагдан олигополь зах зээлд хоорондоо хэд хэдэн үеийн туршид өрсөлдөн үе бүрийн зах зээлийн шок болон бусад багийн гаргаж буй шийдвэр зэрэг гадаад орчны интерактив нөлөө бүхий динамик орчинд амжилттай шийдвэр гаргах чадварыг хөгжүүлдэг байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн зохион байгуулсан “Мэдлэгийн менежмент”-ийн улсын олимпиад нь Business Strategy Game бизнес симуляцийн платформыг ашиглан зохион байгуулагддаг ба энэ жил ШУТИС-ийн баг анх удаа оролцон 4-р байранд шалгарлаа. Олимпиадад амжилттай оролцсон Олон улсын бизнесийн менежментийн 3-р курсийн оюутан О.Сүхбат, Маркетингийн менежментийн 3-р курсийн оюутан М.Энхзул ба Б.Мөнхдорж болон баг удирдсан бизнесийн удирдлагын салбарын багш Б.Бат-Эрдэнэд цаашдын эрдмийн замналд нь амжилт хүсье!