“Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент мэргэжлийн долоо хоног” арга хэмжээ амжилттай явагдаж өндөрлөлөө.
ganbii
Технологийн менежментийн салбарын Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент мэргэжлийн долоо хоног үйл ажиллагаа нь 2018 оны 11 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Мэргэжил сурталчлах зорилго бүхий энэхүү арга хэмжээний эхний өдөр болох Даваа гарагт “Газар шим” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганбат оролцсон. Тэрээр өөрийн инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж, бизнесийн амжилт, туршлагаасаа оюутнуудад хуваалцан, нээлттэй ярилцлага хийсэн нь мэргэжлийн оюутнуудын хувьд үр дүнтэй уулзалт боллоо.
Мягмар гарагт Технологийн менежментийн салбарын Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент мэргэжлийн багийн багш Ж.Хишигсайхан мэргэжлийн онцлогийг тусгасан Wallet design challenge сэдэвт загварчлах сэтгэлгээний сонирхолтой сургалтыг оюутнуудад нээлттэй зохион байгуулсан. Уг нээлттэй сургалтад БуХС-ийн 30 орчим оюутан идэвхтэй оролцлоо. 
11 дүгээр сарын 21-ний Лхагва гарагт БуХС-ийн нийт оюутнуудад зориулсан “Энтрепренер хүний заавал үзэх кино” сэдэвт кино өдөрлөгийг зохион байгуулсан ба уг үйл ажиллагааг Технологийн менежментийн багш, сургалтын мастер Ж.Батбаяр биечлэн зохион байгуулж, оюутнуудыг идэвхтэй оролцуулсан болно. Кино өдөрлөгийн хүрээнд мэргэжлийн дадал чадварыг хөгжүүлэхэд нөлөөлөх, менежментийн мэдлэг олгох онцлох кинонуудыг танилцуулан, АНУ-ын “Joy” киног үнэ төлбөргүй, дуу дүрсний өндөр чанартай оюутан залуустаа үзүүлж, тэдний цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд тусалсан болно. Кино өдөрлөгийн хүрээнд үзсэн киноныхоо талаар оюутнууд санал бодлоо хуваалцаж, хэлэлцүүлэг хийлээ.
Пүрэв гарагийн “Бартердах өдөр” үйл ажиллагаа нь нийт багш оюутнуудад нээлттэй зохион байгуулагдсан ба өөрт байгаа ашиглагддаггүй эд зүйлс, ном сурах бичиг зэргийг өөр хэн нэгэнтэй хэрэгтэй зүйлсээрээ солилцох, арилжих зорилгын хүрээнд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд оюутнууд өөрсдийн хүсэл санаачилгаар идэвхтэй оролцсон ба цаашид уг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байх тал дээр анхаарч өгөхийг хүссэн. Тиймээс ЖДҮМ мэргэжлийн багийн багш нар уг арга хэмжээг илүү өргөн хүрээнд уламжлал болгон зохион байгуулах тухай хэлэлцэн тусгай хөтөлбөр гарган ажиллах талаар салбарын түвшинд хэлэлцэн шийдвэрлэхээр зорьж байна.
11 дүгээр сарын 23-ны Баасан гарагийн өдөр буюу Мэргэжлийн долоо хоногийн сүүлийн өдөр “Мини гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулагдсан болно. Тэмцээнд БуХС-ийн оюутнуудын дунд мэргэжил харгалзахгүйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэй 10 баг бүртгүүлж, өрсөлдөөнтэй, нөхөрсөг, хөгжилтэй тоглолтуудыг хийж тэргүүн болон дэд байруудыг шалгарууллаа. Тэмцээний тэргүүн байранд ЖДҮМ мэргэжлийн 3-р курсын баг, дэд байранд Бизнесийн удирдлагын салбарын оюутнуудын баг тус тус шалгарсан болно.  
Ийнхүү Технологийн менежментийн салбарын “Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент мэргэжлийн долоо хоног” арга хэмжээ 5 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Тус арга хэмжээний зохион байгуулалтын ажлыг ЖДҮМ мэргэжлийн 2, 3, 4-р курсын оюутнууд болон мэргэжлийн багийн багш нар хамтран хэрэгжүүллээ. 
 
Технологийн менежментийн салбар