Дэмчигсүрэнгийн Түвшинтөгс
Би Эрасмус+ хөтөлбөрөөр Болгар улсад суралцсанаар хувь хүн талаасаа биеэ даах, олон улсын соёлыг мэдэх, олон орны хэл сурах, зүүн Европын орнуудаар аялах, үе тэнгийн олон улсын найзуудтай болох зэргээр хөгжсөн. Эрдэм мэдлэгийн талаас бизнесийн удирдлагын шинэлэг хичээлүүд, өөр арга барилаар суралцаж ихийг мэдэж авсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн амьдралд олдох ховор боломжийг нээж өгсөн их сургуульдаа талархаж байна.
Уртнасангийн Есөнтөмөр
Би хамгийн анх Эрасмус+ программыг хэрэгжүүлдэг Варнагийн менежментийн их сургууль болон манай Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хоёр сургуулийн хоорондын гэрээний үндсэн дээр оюутнуудыг Болгарт бүтэн семестер сургах боломжийн талаар сонсоод баярлахын зэрэгцээ мөн санаа зовж байлаа. Хэдийгээр би өмнө нь хэд хэдэн удаа гадаадын улсууд руу сурахаар явж байсан боловч энэ удаагийнх урьд урьдынхаас өөр, догдлол төрүүлж байлаа. Би өөртөө ийм боломж амьдралд тэр бүр олдохгүй тийм ч учраас сонгогдохгүй байсан ч өөрийгөө хөгжүүлэхийн тулд хамрагдахаар шийдсэн юм. Амьдрал өөрийнхөө төлөө алхам хийдэг хүнийг шагнадагийн жишээ болж Эрасмус программын тусламжтай Болгар улсад гайхалтай, дурсамжтай, мэдлэг олсон зуныг өнгөрөөх боломжийг олж, ашигласан билээ. Одоо энэхүү адал явдалаа эргэн харахад энэхүү хийсэн сонголт бол миний амьдралдаа хийж байсан ухаалаг сонголтуудын нэг байсан юм. Би дэлхийн олон газраас ирсэн олон үе тэнгийн оюутнуудтай уулзаж, тэднээс олон шинэ зүйлийг суралцаж авсандаа баярладаг. Туршлагатай, заах хүсэл эрмэлзэлтэй, тусархаг багш нар надад мэргэжлийн болон академик түвшиний чанартай сургалтыг заасан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Сүүлд нь хэлэхэд би энэхүү Эрасмус+ гэр бүлийн нэг хэсэг болсондоо, Эрасмус+ программ, Варнагийн менежментийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульдаа энэхүү боломжийг бодит болгож өгсөнд үнэхээр баяртай байна. Боломж өөртөө итгэх итгэлээс үүсэн гардаг гэдгийг хэлмээр байна.
Б.Дөлгөөн
Эрасмус хөтөлбөр бол оюутан насанд олдох хамгийн ховор бөгөөд гайхалтай боломжуудын нэг мөн юм. Олон орны оюутнуудтай 3 сар буюу 1 семестрийн турш хамт хичээлд сууж, амьдарна гэдэг бол хэзээ ч мартагдашгүй туршлага. Варна Менежментийн их сургуульд Монголдоо судалсан хичээлээ өөр арга барилаар сурах маш сонирхолтой байсан. Туршлагатай, чадвартай багш нараас сурахаас гадна хамт сурч буй оюутнуудаас хамгийн ихийг сурч авдаг. Хамт бие даалтаа хийж байх үед миний бодож байгаагүй өнцгөөс даалгаврыг харах мөн хийх арга барил өөр гэх мэт сурах зүйлс олон. Маш олон төрлийн ааш араншинтай хүн байдаг учраас нийгэмшиж, хүний арга барилыг олж харьцаж сурсан. Хамгийн гол нь оюутан нас бол зөвхөн хичээл хийгээд л суух биш хөгжилдөх, найзуудтайгаа зугаалах, хамт олон зүйлийг туршиж үзэж, бие биенийхээ жинхэнэ чанарыг таних, тэр тусмаа өөрийгөө таних гэдгийг ойлгож авсан.
Б.Алтанбэх
Би ШУТИС-БУХС-ийн Санхүүгийн менежментийн чиглэлээр суралцдаг, төгсөх курсийн оюутан. Болгар улсын Добрич хотод байрлах Варнагийн менежментийн сургуульд ОУ-ийн бизнесийн менежмент чиглэлээр өнгөрсөн хаврын семестер суралцсан. Эрасмус хөтөлбөрөөр суралцаж байх хугацаандаа олон улсын оюутнуудтай уулзаж танилцсан харин одоо маш олон сайн найзтай болсон. Гадаадад суралцсанаар чөлөөтэй сэтгэж хөгжихөд минь тусалсан. Болгар улсад суралцсан хугацаа маань үр өгөөжтэй байсан, маш олон шинэ зүйлсийг өөр хэл дээр суралцсан төдийгүй шинэ соёлтой танилцаж, ихээхэн туршлага хуримтлуулсан. Би Эрасмусийн төслүүдэд хамрагдснаар надад маш том өөрчлөлт авчирсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эрасмус хөтөлбөр өөр сургалтын орчинд, өөр улсад, өөр хэлээр суралцах боломжийг өгсөн. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад, оюутан солилцоогоор суралцах боломжийг олгосонд маш их баярлалаа!