2020 оны 12-р сарын 16-нд ЮНЕСКО-ийн Төв Ази Судлалын Олон Улсын Хүрээлэн (IICAS) -ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит 23-р хуралдаан видео хурал хэлбэрээр зохион байгуулагдав. Тус цахим хуралдаанд ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш Б.Наранбаатар оролцсон бөгөөд өнгөрсөн хугацаанд БУХС-ийн захирал А.Энхбат Монгол Улсыг төлөөлөн тус хүрээлэнтэй хамтран ажиллаж иржээ. Ээлжит хурлын хэлэлцэх асуудлуудын нэгд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссоос илгээсэн Монгол Улсыг тус байгууллагын гишүүн орон болгох хүсэлт байсан юм. Энэхүү хурлаар тус хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсыг гишүүн орноор батламжилсан бөгөөд төлөөлөгчөөр Хүмүүнлэгийн салбарын багш Б.Наранбаатар сонгогдон ажиллахаар боллоо.
Төв Ази Судлалын Олон Улсын Хүрээлэн нь эртний соёлт Самарканд хотод байрладаг ба 2020 онд 25 жилийн ойгоо тэмдэглэж буй ЮНЕСКО-ийн дэргэдэх томоохон хүрээлэнгүүдийн нэг болно. Тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл нь түншлэгч гишүүн, сурвалжлагч гишүүдээс бүрддэг ба Киргизстан, Казахстан, Азербайджан, Пакистан, Таджикистан, Узбекистан, БНТУ, БНХАУ, БНСУ зэрэг улсуудыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн томоохон судалгааны байгууллага ажээ.
Хүрээлэнгийн 23 дугаар хурлаар захирал Д.А.Воякин 2020 оны төлөвлөгөөт төслүүдийн гүйцэтгэл, үр дүн, 2021 онд хэрэгжүүлэх төсөл, олон улсын хурал, ном, эрдэм шинжилгээний эмхэтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалт, сурталчлан таниулах заах аргазүй, бүс нутаг судлал, хүн ам зүйн үйл явцын чиглэлээр хийгдсэн төслүүдийг хэлэлцэж заримыг нь өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой үргэлжлүүлэн явуулахаар санхүүжилт, оролцох улс орнуудыг томилов.
Хүмүүнлэгийн салбарын багш Б.Наранбаатар“The Iran and Central Asiain the mirror of Tangible and Intangible Cultural Heritage of Mongol and Ilkhanid Era, along sidesof the Silk Road”“Artistic metalwork of Maverannahr and Semirechye:between Arabsand Mongols” зэрэг төслүүдэд саналаа илэрхийлж, Ойрхи Дорнод, Перс судлал, Ил хаант улсын түүхийн талаархи Монгол судлаачдын судалгааны үр дүн, БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын профессор,багш нарын судалгааны чиглэл, бүтээл, бие даан болон хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар товч танилцуулга ,түүх археологи, соёлын өвийн хадгалалт, авран хамгаалах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар илтгэл хэлэлцүүллээ.
ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн салбар нь ЮНЕСКО-ийн дэргэдэх Төв Ази Судлалын Олон Улсын Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүний эрх хэмжээтэй ажиллах болж байгаа нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүд хаалгыг нээж өгсөн төдийгүй багш, судлаачдад олон улсын түвшинд судалгаа хийх өргөн боломжийг олгож буй онцлог үйл явдал боллоо. Тус хүрээлэнтэй цаашид хамтран ажиллах багш, судлаачиддаа өндөр амжилт хүсье!