БУХС-ийн Бизнесийн удирдлагын салбар НЗДТГ болон БНСУ-ын “Солютек Системс” ХХК-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо
ganbii
2021.10.05-ны өдөр Боловсрол шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөний 100 жил, Монголын багш нарын баярын 55 дахь өдөр, Дэлхийн багш нарын 27 дахь өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш, доктор Ц.Энхчимэг, “Улаанбаатар хотын хүндэт" тэмдэгээр тус сургуультай хамтран ажилладаг БНСУ-ын “Солютек Системс” ХХК-ний захирал Мүн Кён Шик нар шагнагдлаа. Шагналыг НЗДТГ-ын Төсөл хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Золзаяа гардууллаа.  Мүн Кён Шик захирал нь тус сургуультай хамтран, хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд, тендерт оролцож байсан бөгөөд цахим онлайн сургалтын танхим тохижуулах төслийг санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төслийн зохицуулагч Н.Эрдэнэчимэг нь тус сургуулийн оюутнуудад “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төв”-ийн Баянхошуу инкубатор төвийг танилцуулах, бизнесийн үнэгүй сургалтуудад хамруулах, 2021 оны 11 сард зарлагдах төсөлд бизнесийн санаа, шийдэл бүхий оюутнуудыг хамруулах, санхүүжилт авах боломжтойг онцлон дурьдсан юм.
Үйл ажиллагааны үеэр НЗДТГ-ын Төсөл хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Золзаяа “Сэлбэ дэд” төв ашиглалтанд орж байгааг дурьдаад багш нарыг оюутнуудтайгаа зочилж ирэхийг урилаа.
Инкубатор төвийн төгсөгч “Номч” ХХК-ний үүсгэн байгуулагч эмэгтэй бизнес эрхлэгчийн төлөөлөл Э.Уянга захирал тус сургуультай хамтран ажиллах саналтай байгаагаа онцлов. Тэрбээр 21 аймгийн эмэгтэй бизнес эрхлэгчдийг холбосон томоохон сүлжээг үүсгэн байгуулагч бөгөөд оюутнуудыг старт ап кейс, симмуляцийн шийдвэр гаргалтын сургалтуудад хамруулж өгөх боломж байгааг илэрхийлсэн юм. Улмаар  жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч нартай тус сургуулийн оюутнууд хамтран ажиллах, хичээлийн бус цагаар тэдний facebook, пейж хуудсыг нь хөгжүүлж өгөх  зэрэг боломж байгааг дурьдаж байлаа.
Шагнал гардуулах ёслолын үеэр “Залуу бизнес эрхлэгч клуб”-ын оюутнууд ШУТИС-ийн лого бүхий маскаа борлуулж, борлуулсан ашгаараа Ковидоор өвдсөн оюутны байрны найз нартаа туслах аянг өрнүүлж байгаагаа танилцуулж байсан нь бахархууштай.
 
Ийнхүү НЗДТГ,”Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”, БУХС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн нэгэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье!