"Дэлхийд данслагдсан монгол өв" цуврал төслийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол гэрийн соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын Соёлын яам, Монгол гарвал өв соёлын хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль хамтран 2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр ШУТИС-ийн Олон улсын хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.
Хурлын нээлтэнд Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, С.Болдсайхан, Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол судлаач, доктор Обрушански Борбала нар оролцлоо. Хурлын хүндэтгэлийн илтгэлийг Монгол Улсын ардын багш, СУИС-ийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам “Монгол гэрийн үүсэл,хувьсал, бэлгэдэл”, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Монгол судлаач доктор Агнеш Бирталан “Сав их ертөнцийн “макет”: домогт монгол гэр сэдвээр танхим болон цахимаар эхлүүлэв.
Хуралд Соёлын яам, Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ШУТИС-ийн БуХС, Монгол Гарваль өв соёлын хүрээлэн, ОХУ-ын Горно-Алтайн Бүгд Найрамдах улс, Казахстаны Олон улсын Түрэг академи, ОХУ-ын Тувагийн хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУБИС, СУИС, Ховд их сургууль, Монгол улсын консерватори, Монголын үндэсний музей, Богд хааны музей, Өмнөговь аймгийн музей, Увс аймгийн Боловсролын газар, Жендэрийн үндэсний хороо, дэмжигч байгууллагаар ЮНЕСКО, Талын эзэн ХХК зэрэг байгууллагуудын нийт 50 гаруй эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүнг хэлэлцүүлэв.
Энэхүү хурал нь “Дэлхийд данслагдсан монгол өв” нэрийн дор хэрэгжиж буй хоёр дахь хурал бөгөөд соёлын биет бус өвийн оршин тогтнох чадавхийг сайжруулах Монгол гэрийн судалгааг гүнзгийрүүлэх, монголд болон дэлхийд монгол гэрийг олон төрлөөр суртачилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Хурлаар Монгол гэрийн үүсэл хөгжил, Гэр, орон сууцанд холбогдох архелогийн дурсгалууд, Монгол гэрийн соёл (аман зохиол, зан үйл, бэлгэдэл, гоёл чимэглэл), монгол гэрийг урлах арга ухаан, Монгол гэрийн урлаачид (өвлөн залгамжлагч), монгол гэрийн эдлэл хэрэгсэл, Монгол гэр ба архитектр дизайн зэрэг судалгаа шинжилгээний ажлаа хэлэлцүүлсэн нь тус хурлын шинэлэг тал байлаа.
ШУТИС-ийн БуХС-ийн захирал Доктор (Ph.D) дэд профессор А.Энхбат, Монгол Гарваль өв соёлын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Доктор (Ph.D) дэд профессор Б.Баатархүү нар хурлыг хааж үг хэлэв.
Хурал нь танхим болон цахимаар амжилттай өндөрлөв.